Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023

 

"Залуу инженер" ярилцлагын буландаа "NCD Precon" ХХК Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн Ерөнхий менежер Б.Наранчанга урилаа.

 

Тэрээр Бизнесийн Удирдлагын Магистр, Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер, Энэтхэг Улсын Үндэсний Технологийн Их Сургуулийг төгссөн. Хувь хүний онцлогийн хувьд түргэн суралцдаг, өөрийгөө сорих, хэцүү даалгаврыг авч, амжилттайгаар ард нь гарах дуртай. Салбартаа 12 жил ажиллаж байгаа бөгөөд шинэ технологи, шинэ ур чадвар, шинэ багийг бий болгож улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. 

 

Овог, нэр:  Баттулга Нарананга
Албан тушаал:  NCD Precon ХХК Барилгын хийц эдлэлийн үйлдвэр - Ерөнхий менежер 
Баримталдаг зарчим:  Тууштай байх, хариуцлагатай байх 
Ширээний ном:   Инженерингийн мэргэжлийн номнууд
Ашигладаг аппликейшн:  Office 365 apps Outlook, Onedrive, Teams, Lists гэх мэт
  • Таны ажлын гараанаас ярилцлагаа эхлүүлье? 

2011 онд Сургуулиа дөнгөж төгсөж ирсэн шинэ инженер учраас журмын дагуу ажлын сонгон шалгаруулалтад орж тэнцээд “Номин Констракшн” ХХК -д Төлөвлөлтийн инженерээр анх ажилд орж байлаа. Үүнээс хойш Төлөвлөлтийн албаны дарга, Төлөвлөлт, Хангамжийн албаны дарга, Төсөл Хариуцсан захиралаар тус тус ажиллаж байсан бөгөөд  одоо “NCD Precon” ХХК-д Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн Ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж барилгын салбартаа үнэнчээр ажиллаж байна. 

Энэ хугацаанд чадварлаг удирдлагуудын туршлагаас суралцаж, өгсөн үүрэг даалгаврыг туршлагагүй байсан ч шантралгүй хийж, баг хамт олныхоо дэмжлэг туслалцаагаар л явж байна. Нэг жижиг ажлыг амжилттай дуусгаад дараа дараагийн арай том ажлуудыг хариуцаж ажилласаар ирлээ. Мэдээж гэр бүлийн суурь хүмүүжил, сургуульд сурсан мэдлэг маань талаас илүү хувьд нь нөлөөлж байгаа. 

  • Танай хамт олон одоо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна? 

Бид Угсармал барилгын үйлдвэрлэл хийхээр олон улсын туршлагыг судалж Монголдоо хэрхэн өртөг багатайгаар хурдан үйлдвэрлэж угсрах талаар төслийн багаараа ажиллаж байна. Мөн хөнгөн ган рамтай угсармал барилгын технологийг амины орон сууц, угсардаг фасад, аялал жуулчлал уул уурхайн кемп хийхэд ашиглах, үүнээс гадна зөөврийн ариун цэврийн өрөөг үйлдвэрт чанартай, хурдан шуурхай үйлдвэрлэж цаг хугацаа болон өртөг зардал хэмнэж, хог хаягдал, дулааны алдагдалгүй технологийг хөгжүүлж сайжруулан тогтвортой хөгжлийг бий болгохоор ажиллаж байна. Үүнээс гадна Угсармал төмөр бетон  карказан болон ханан хийцлэлтэй барилгыг зураг төслийн дагуу орчин үеийн технологиор үйлдвэрлэхээр ажиллаж байна.

  • Ажлын ур чадвараа нэмэгдүүлэх, сайжруулах тал дээр хэрхэн өөртэйгөө ажилладаг бол? 

Сурсан мэдлэгээ ур чадвар болгохын тулд ажлыг голохгүй хийх хэрэгтэй. Ямар ч ажил хийж байсан хүн өөрийн мэдэхгүй маш их зүйлийг тэндээс сурч байдаг. Тухайн үедээ мэдэж ойлгоогүй ч дараа хэрэг болсон үед ойлгодог. Үүнтэй адилаар туршлагатай багт, туршлагатай хүний удирдлагад ажиллах гэж байгаа бол цалин бага ч хамаагүй ажиллах нь илүү гэж би боддог. Ялангуяа барилгын салбарт ажиллаж байгаа инженерүүд бүгд туршлагтай инженерүүдийн удирдлагад ажиллаж байгаа учраас тэдгээр хүмүүсийн туршлага, сайн арга барилыг сурч авах боломжтой байдаг. 

  • Өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа баримтлан ажилласан зарчим тань юу вэ? 

Шударга, бүтээмжтэй, харилцан ашигтай, өөртөө бахархах хийсэн ажилтай, улс орон болон хамтрагч нарт ашиг тустай байвал хамгийн зөв. Мөн өнөөдрийн их ашгаас илүү урт хугацааны үнэ цэнийг илүүд үздэг. Хүн бүр өөрийн чадах зүйлээ сайн хийвэл ямар ч хүн өндөр бүтээмж, үр дүн гаргана гэж боддог. Нэг туршлагатай инженер хамгийн багадаа 1-2 залуу инженерийг маш сайн бэлдэхэд тэр инженерүүд ямар олон төсөл, нийгэмд болоод улс оронд хэрэгтэй зүйл хийх бол гэж төсөөлөхөд толгойнд багтахгүй сайхан байдаг.

  • Төсөл удирдан ажиллахдаа тухайн төслүүдээс юуг суралцдаг вэ? 

​​​​​​​Төсөл бол багийн хамтын ажиллагаа. Мөн төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  PMBOK Guide дагуу удирдаж явуулах нь төсөл амжилттай хэрэгжих гол хүчин зүйл болдог. Төслийн багийг бэлтгэхдээ тухайн төсөлд шаардлагатай мэргэжилтэнг сонгон шалгаруулж аваад PMBOK Guide дагуу суурь ойлголтыг өгч сургалтад хамруулах хэрэгтэй. Ингэснээр төслийн багийн гишүүд нэг ойлголттой болж төсөл хэрэгжүүлэх баг бэлэн болдог. Мөн төслийн удирдагчаар PMP зэрэгтэй хүмүүсийг сонгож авбал илүү сайн. Энэ нь төслийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг олгоно. Төсөл амжилтгүй болох эрсдлийг бууруулж өгдөг.

  • Чадварлаг боловсон хүчнээ тогтоон барих.

Төслийн гол “тоглогч” болох ажлаа маш сайн мэддэг, чадварлаг инженер, ажилтан төслийн дундаас гарах нь багагүй сөрөг нөлөөтэй байдаг. Ажлыг нь хүлээн авч буй дараагийн шинэ хүн төслийг анх төлөвлөсөн шиг 100 хувь мэдэж хийх боломжгүй байдаг нь төсөл удаашрах, ямар нэгэн алдаа гарах үндэс болох нь бий. Тиймээс чадварлаг боловсон хүчин, инженер, ажилтнууддаа урамшуулал олгож, төслийг эхэлсэн цагаас нь дуустал ажиллуулах нарийн бодлого зайлшгүй байх нь чухал.

  • Ногоон барилгын технологийг орон сууцны барилгын салбарт амжилттай нэвтрүүлсэн талаараа хуваалцаач? 

Ногоон барилгын тухай ойлголт бол маш өргөн хүрээний ойлголт, стандарт нь дэлхийн улсуудад өөр өөр байдаг. Гэхдээ нэг өдөр гэнэт сайн стандарт гараад ирээгүй. Улс бүр өөрийн чадах асуудлаа шийдэх замаар эхэлсэн байдаг. Ингээд алхам алхмаар сайжруулж яваад өнөөдрийн стандартыг тогтоож чадлаа. Бид ч бас энэ туршлагаар эхлээд дулааны алдагдлыг бууруулах 20%, усны хэмнэлтийг багадаа 30%, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээний 30% шийдэх, байгаль болон хүний биед хоргүй технологи ашиглах, хогны асуудлыг шийдэх, гадна орчны аюулыг бууруулах, ногоон байгууламж зам талбайг хамгийн багадаа 50%-д төлөвлөх гэх мэтээр орон сууцны салбартаа түрүүлж ногоон барилгын үзүүлэлтүүдээс нэг нэгээр нь хийж нэвтрүүлсэн байдаг.

  • Ярилцлагынхаа төгсгөлд барилгын компаниудын дунд өрсөлдөөн ямар байгаа талаар таны бодлыг сонсъё?

Барилгын компаниуд олон салбарт биш нэг салбартаа илүү төвлөрч төгөлдөрших нь зүйтэй. Жишээ нь орон сууцны төсөл хийдэг бол тус төслөө илүү сайн хийх, сургууль, цэцэрлэг барьдаг бол олон улсын зэрэглэлд хүрч, гадна зам талбайн тохижилт хийдэг бол тэр салбартаа ажиллах нь зөв. Нэг зах зээл дээр ажиллаж өрсөлдөөн үүсгэснээс илүү одоо манайд хэрэгцээтэй байгаа шинэ барилгын салбар луу орох нь бусад барилгын бусад чиглэлд дэмжлэг болно. Мөн ирээдүйд угсармал хийцлэлтэй модулан барилга байгууламж, тэдгээрийг дагасан үйлдвэрлэл илүү хөгжнө. Цөөн хүнээр, үйлдвэрт олноор үйлдвэрлээд хаягдал бага, өртөг хямд байх нь өрсөлдөөний давуу талыг компаниудад олгох болно.