ЭН СИ ДИ ПРЕКОН ҮЙЛДВЭРИЙН ХУЧИЛТЫН НҮХТЭЙ УГСАРМАЛ ХАВТАНГИЙН ДААЦЫН ТУРШИЛТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

С. Күмыс - Чанар хяналт, технологийн албаны ахлах инженер: 

                          ХУЧИЛТЫН НҮХТЭЙ УГСАРМАЛ ХАВТАНГИЙН ДААЦЫН ТУРШИЛТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

1. Даацын нүхтэй хавтангийн даацын туршилт гэж юу вэ? Энэ туршилтыг хийхийн ач холбогдол юу вэ?

Даацын нүхтэй хавтангийн даацын туршилт гэдэг нь хавтанг хоёр төрлийн тулгуур дээр байрлуулж, тооцооны ачааг аюулгүй байдлын илтгэлцүүрээр өсгөсөнтэй тэнцэхүйц жинтэй туухайг жигд тараан ачаалж, хэмжилт хийснээр бүтээгдэхүүний бат бэх, найдвартай байдлыг баталгаажуулах туршилт юм.

Энэхүү туршилтыг:

  • Бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг сунгуулах зорилгоор жилд нэг удаа заавал хийдэг
  • Хэрэглэгчдэд нийлүүлж буй хавтангийн даацын үзүүлэлт бодитой, найдвартай гэдгийг баталгаажуулахад ашигладаг

Туршилтын тайлангаар хавтан шаардлага хангаж байна гэж дүгнэгдсэн тохиолдолд тухайн ачааллаар ашиглахад ямар нэгэн эвдрэл, доголдол үүсэхгүйг илэрхийлдэг.


2. Даацын туршилтыг ямар стандарт, нормын дагуу гүйцэтгэдэг вэ? Ямар үзүүлэлтүүдийг шалгадаг вэ?

Даацын туршилтыг “MNS 2370 – Угсармал төмөрбетон бүтээц, эдлэхүүн. Ачаалж турших арга. Бат бэх, хөшүүншил, цав тэсвэршлийг үнэлэх журам” стандартын дагуу гүйцэтгэдэг.

Туршилтаар:

  • Хавтангийн даац авах чадвар тооцооллын дагуу байгаа эсэх
  • Хавтангийн гулзайлт зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх
    зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

3. Зураг төслийн даац ба бодит туршилтын үр дүнг хэрхэн харьцуулдаг вэ?

Зураг төслийн даац гэсэн тусдаа ойлголт байдаггүй. Харин хавтан өөр дээрээ авч чадах тооцооллын ачааллыг хавтангийн:

  • геометр хэмжээ
  • хөндлөн огтлол
  • ашигласан бетоны анги
  • ажлын арматурын голч

зэргээс хамааруулан тооцоолдог.

Энэхүү тооцооны ачааллыг 1.6 дахин өсгөсөн ачаагаар туршиж, шаардлага хангаж байвал тооцоолол зөв, бүтээгдэхүүн найдвартай гэж үздэг.


4. Туршилтад оруулах хавтанг хэрхэн сонгодог вэ? Ачааллыг ямар зарчмаар өгдөг вэ?

Туршилтад “MNS 1070 – Барилга, байгууламжийн хучилтын төмөрбетон нүхтэй хавтан. Техникийн шаардлага” стандартад заасан хэмжээнээс сонгон, ихэвчлэн 5900 мм, 7200 мм, 9000 мм урттай гурван төрлийн хавтанг ашигладаг.

Хавтанг дамнуруу гэж үзэн:

  • нэг талыг хөшүүн
  • нөгөө талыг нугасан тулгуур дээр байрлуулж

жигд тархмал ачаагаар ачаалж туршилт хийдэг.


5. Туршилтын явцад ямар хэмжилт, хяналтууд хийгддэг вэ?

Хавтанг тулгуур дээр байрлуулсны дараа:

  1. Туухайг жигд тараан байрлуулж, тооцооны ачаалалд хүргэнэ
  2. 30 минут ажиглаж, ан цав, цууралт үүсээгүй бол
  3. Ачааллыг 1.4, дараа нь 1.6 аюулгүй байдлын илтгэлцүүрээр шат дараатайгаар өсгөнө

Ачааллын шат бүрт:

  • хавтангийн хотойлтыг хэмжиж
  • ан цав, цууралт үүссэн эсэхийг шалгана

1.6 илтгэлцүүртэй ачааллын дараа ч ямар нэгэн гэмтэл илрээгүй бол хавтанг шаардлага хангаж байна гэж үздэг.


6. Туршилтын үеийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангадаг вэ?

Аюулгүй ажиллагааг хангах үүднээс:

  • Хавтангийн алгаслын голд доод талд нь автомашины дугуйг жийрэг болгон байрлуулдаг
  • Туршилтын бүсэд ажилчдыг зорчихыг хориглодог
  • Ачааг зөвхөн кран барих үнэмлэхтэй ажилтан шилжүүлдэг

Ачаалал нэмэх бүрт тэмдэглэл хөтөлж, ан цав, цууралт, хотойлтыг хэмжин бүртгэнэ. Туршилтад орсон хавтанг акталж, эвдрэлгүй байсан ч дахин ашиглахыг хориглодог.


7. Хяналт, хэмжилтийг хэн гүйцэтгэдэг вэ?

Туршилтыг магадлан итгэмжлэгдсэн, туршилт баталгаажуулах эрх бүхий лабораторид захиалж, тухайн байгууллагын шинжээчийн удирдлагын дор гүйцэтгэдэг.


8. Захиалагч болон үйлдвэрлэгчийн хувьд даацын туршилтын ач холбогдол юу вэ?

Захиалагчийн хувьд:

  • Чанартай, баталгаатай бүтээгдэхүүн авах
  • Барилгын аюулгүй байдлыг хангах

Үйлдвэрлэгчийн хувьд:

  • Үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний чанарт итгэлтэй ажиллах
  • Ажлынхаа үр дүнд бахархах сэдэл болдог.

9. Барилгын чанар, аюулгүй байдлын талаар захиалагчдад хандаж юу хэлэх вэ?

Манай компани нүхтэй хавтангийн даацын туршилтаас гадна:

  • Бетон зуурмагаас тогтмол дээж авч
  • Түүхий эд болон бетоны шахалтын бат бэхийг
    дотоодын болон итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилж, чанарыг баталгаажуулан ажилладаг.

Мөн хавтангийн ажлын арматур нь ASTM A416 стандартын шаардлага хангасан бөгөөд ISO стандартын гэрчилгээтэй ханган нийлүүлэгчээс худалдан авдаг.

Барилга бол бидний гэр орон.
Гэр орон бол хамгийн хайртай хүмүүстэйгээ амьдрах орон зай.
Тиймээс бид чанарыг эрхэмлэн ажилладаг.


Баярлалаа.